Хүний папиллома вирус(ХПВ)-ээр үүсгэгддэг өвчнүүд, урьдчилан сэргийлэлт, ХПВ-ийн эсрэг вакцины талаар нотолгоонд суурилсан товч мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.
Дэлхий дахинд ХПВ-ийн 200 гаруй хэвшинжийг судалж тогтоосон бөгөөд ХПВ нь үтрээ, бэлгийн уруул, шодой, ам, хоолой, умайн хүзүүний хорт хавдар (УХХХ) зэрэг 6 төрлийн эрэгтэй, эмэгтэй хүнд хорт хавдрын шалтгаан болдгоос гадна бэлгийн үү, ургацаг үүсгэдэг.
ХПВ нь ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд УХХХ-ын 75% нь ХПВ-ийн 16 болон 18 хэвшинжээр үүсгэгддэг байна. Насанд хүрсэн хүн амын 80% нь амьдралынхаа аль нэг үед энэ вирусийн халдварт өртдөг. ХПВ-ийн халдвартайгаа мэдэхгүйгээр бусдад халдвар дамжуулах боломжтой. Хавдар хожуу үе хүртлээ шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг.
Умайн хүзүүний хорт хавдар (УХХХ)-ын өвчлөл Дэлхий дахинд 100 000 хүн тутамд 14,1 тохиолдол бүртгэгддэг бол Монгол улсад 100 000 хүн тутамд 20,2 тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нь манай улсын УХХХ-ын өвчлөл, нас баралтын түвшинг дэлхий, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудтай харьцуулахад өндөр, Азийн улсууд дундаа Индонез, Мальдив, Мьянмар улс зэрэг улс орны дараа 4-р байранд орж байна.
Манай улсын хорт хавдрын 2023 оны тайлангаар тус онд 425 эмэгтэй УХХХ аар оношлогдсон нь нийт оношлогдсон хорт хавдрын 4-рт, эмэгтэйчүүдийн дундах хорт хавдруудаас элэгний хавдрын дараа 2-р байранд орж байна. 2023 онд УХХХ-ын улмаас 160 эмэгтэй эндсэн нь 2 өдөр тутамд нэг эмэгтэй нас барж байна гэсэн үг юм.
Тиймээс, Дэлхий дахинд 2030 он гэхэд бүх улс орнуудад дараах 3 зорилтод хүрч умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулах, улмаар устгах зорилт тавьсан байна. Үүнд:
• 15 нас хүртэлх охидын 90%-ийг ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулах,
• 35 ба 45 насныхны 70%-ийг өндөр мэдрэг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулсан байх,
• Умайн хүзүүний эмгэгтэй эмэгтэйчүүдийн 90%-ийг шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамруулсан байх зорилтыг дэвшүүлсэн.
Дэлхийн 150 гаруй улс орон ХПВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн бөгөөд вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгох, дархлаажуулалтын үйлчилгээг хүн амд ойртуулах зорилгоор сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж байна.
ХПВ-ийн эсрэг Гардасил (GARDASIL) вакцин нь АНУ-ын Мерк Шарп үйлдвэрийн ХПВ-ийн 6, 11, 16, 18-р хэвшинжийн халдвараас сэргийлэх рекомбинант вакцин ба 1 хүн тунгаар савлагдсан, ДЭМБ-ын чанарын шаардлага болон АНУ-ын Хүнс, эмийн байгууллага, Европын эмийн агентлаг зэрэг олон орны үндэсний зохицуулах агентлагаас зөвшөөрөлтэй бөгөөд аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосон баталгаатай вакцин юм.
Вакцин нь хүний биед урт хугацаанд үзүүлсэн сөрөг гаж нөлөө байхгүй бөгөөд харин ч олон төрлийн хавдрын өвчлөлийг бууруулсан талаар олон улсын судалгаанууд байдаг. Тухайлбал, АНУ, Австрали, Дани, Шотланд зэрэг вакцин нэвтрүүлсэн олон оронд УХХХ-ын 16, 18 хэвшинжийн тархалт 66-83 хувь буурч, хөвгүүдийн бэлгийн үү 48 хувиар буурсан үр дүнтэй байна.
Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хуулинд зааснаар “заавал хийх дархлаажуулалт” гэж дархлаажуулах насны бүх хүнийг заавал хамарвал зохих дархлаажуулалтыг хэлэх бөгөөд иргэн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу сэргийлэх тарилга хийлгэх, тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх үүрэгтэй.
Манай улс Засгийн газрын 2023 оны 472 тоот тогтоолоор баталсан үндэсний товлолын дагуу жил бүр 11 насны бүх хүүхдийг Хүний папиллома вирус(ХПВ)-ийн халдварын эсрэг вакцинаар нэг тунгаар товлолын дагуу дархлаажуулна.
Эцэг, эх, асран хамгаалагчид E-Mongolia нэгдсэн цахим портал үйлчилгээгээр дамжуулан хүүхдийнхээ ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдсан талаарх лавлагаа мэдээлэл, тодорхойлолтыг авч болно.
ХӨСҮТ, ЭМГ