
Баянхонгор аймагт ажиллаж байна.
Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын санаачилгаар Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран Баянхонгор аймагт “Гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах төсөл”-г 1 жилийн хугацаатайгаар эхлүүллээ.
Тус төслийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын 11 баг ирж ажиллах бөгөөд Аймгийн удирдлагууд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадоржоор ахлуулсан эмч нарын багтай уулзалт, хэлэлцүүлэг хийж, тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлуудыг шийдвэрлэв.
Ясны эмгэгийн мэс заслын эмч Ц.Батбаяраар ахлуулсан О.Бат-Эрдэнэ, А.Чинцэцэг, Д.Жүгдэрнамжил, резидент эмч Я.Ганхуяг, Д. Цэрэнтогтох эмч нарын баг 2025 оны 02 дугаар сарын 01-28-ны өдрүүдэд ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа Аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 263 хүнд үзлэг, оношилгоо хийж, яс үений эмгэг, мөчдийн хугарал болон толгой, хүзүү нурууны гэмтэлтэй 35 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт нь үзүүлж, одоогийн байдлаар гэмтлийн тасагт 25 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Мөн тус багийн эмч нар Жинст, Шаргалжуут суманд 120 иргэнд үзлэг, 107 иргэнд рентген шинжилгээ хийж, онош тодруулан эмчилгээнд хамруулсан. Эдгээрээс үйлчлүүлэгчдээс 58 хүн төлөвлөгөөт хагалгаанд орохоор боллоо.
Хамтран ажиллаж байгаа Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ц.Батбаяр ахлагчтай баг хамт олонд ажлын амжилт хүсэж талархал илэрхийлье.
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар