ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС ТУРШЛАГА СУДЛАВ.
2025 оныг Баянхонгор аймаг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, салбар байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр олон талт ажлыг төлөвлөсөн. Энэ хүрээнд лавлагаа шатлалын болон олон улсын жишиг эмнэлгүүдэд туршлага судлах уулзалтаа манай аймаг эхлүүллээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяраар ахлуулсан ажлын хэсэг /2025.02.03/ эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний онцлог нөхцөл, үйл ажиллагаанаас туршлага судлав.
Бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Батаа, ИТХ-ын төлөөлөгч Н.Нарангарав ЭМГ-ын дарга Н.Энхжаргал, Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн эрхлэгч С.Эрдэнэчулуун, АЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Сарангарав, Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн дарга Н.Сундуй, АЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн М.Дүгэрмаа нар багтлаа.
Баянхонгор аймаг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулан ялангуяа Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тохижилт, үйл ажиллагааны зохион байгуулалтыг улсын хэмжээнд жишиг болгох, нутаг орноос гаралтай сайн эмч нарын зөвлөгөө дэмжлэгийг авч, тэдний оролцоог ханган эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд ахиц гаргахаар төлөвлөөд байгаа юм.